Аймгийн Газрын харилцаа, Барилга хот, байгуулалтын газрын дарга Д.Цолмонтой ярилцлаа.
–Иргэд өөрийн нэр дээрх газраа цахим мэдээллийн санд бүртгүүлэх хугацаа өнгөрсөн тавдугаар сарын 1-нд дуусах ёстой байсан ч улсын хэмжээнд хугацааг он дуустал сунгасан. Цахим системийн бүртгэлийн ажил хэр явж байна вэ?
-Цахим мэдээллийн санд иргэн өөрийн газрын мэдээллийг бүртгүүлэх ажил энэ оны тавдугаар сарын 1-нд дуусгавар болох байсан ч хэрэгжилт хангалтгүй байсан учир энэ оныг дуустал хугацааг сунгасан. Хугацааг сунгасантай холбоотоогоор иргэд тайвширч, хойшлуулж удаашралтай байна. Оны сүүлээр ачаалал үүсч болзошгүй. Ачаалал үүсгэх бүлэг нь ямар газар эзэмшигч байна вэ гэхээр хашааны газрын зориулалтаар газар өмчилж авсан иргэд байгаа юм.
2008 онд Газрын алба, Улсын бүртгэлийн хэлтэс хоёр тусдаа байгууллага болж салах үед 2003-2008 он хүртэлх хугацаанд газар өмчилж авсан иргэдийн хувийн хэрэг Улсын бүртгэлийн архив руу шилжсэн.
Энэ хугацаанд бүртгэл хийгдсэн өмчлөлийн газрыг шилжүүлж авсан иргэн өөрийн газраа цахим системд бүртгүүлье гээд ирэхээр тухайн иргэнээс зайлшгүй нэг зүйлийг шаардаж байна. Манай байгууллага дээр байгаа мэдээллийн санд тухайн газрын анхны өмчлөгчийнх нь мэдээлэл бүрэн гүйцэт биш. Өөрөөр хэлбэл, эцсийн өмчлөгч дээр тухайн газар шилжиж ирэх хүртэл мэдээлэл байхгүй учраас Улсын бүртгэлийн архивт байгаа хувийн хэрэг дотроос таниас өмнө энэ газар хэрхэн өөрчлөгдсөн тухай бүртгэлийн хуулбарыг шааардаж байгаа юм. Энэ асуудал иргэнд нэг удаагийн зарим тохиолдолд 2,3 удаагийн явдал болж байгаа.
Гэлээ гэхдээ энэ ажил аль болох хурдан дуусах тусмаа иргэн төрийн үйлчилгээг авахад илүү хялбар болно.Өөрийнхөө эрхийг хамгаалж, архивт байгаа цаасанд найдах биш гар утсаараа тогтмол мэдээллээ шалгаж тухайн иргэний өмчийн найдвартай байдал хангагдах юм.
Тиймээс хашааны газар өмчилж авсан иргэд цахим системд орсон ороогүй гэдгээ манай байгууллага дээр ирж тодруулж, ороогүй байвал яах ёстой вэ гэдэг заавар зөвөлгөөг аваад цахимжуулах шаардлагатай.
-Цахим системд бүртгүүлсний давуу тал нь юу байх вэ?
-Газар эзэмшигч, өмчлөгч, ашиглагч иргэн аж ахуйн нэгж байгууллагын газрын бүртгэл мэдээллээ www.egazar.gov.mn газрын цахим систем болон EGAZAR гар утасны апплейкэшн ашиглан өөрийн газрын бүртгэл мэдээллийг шалгах боломжтой. Газрын мэдээллийг газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санд баталгаажуулж авснаар цаашид, газр ын гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг цахим системээс хэвлэж авах, өөрийн эзэмшиж, өмчилж буй газрын дэлгэрэнгүй мэдээллийг харах, газрын төлбөр, татварыг цаг алдалгүйгээр цахим банкаар төлөх, газрын бичиг баримтыг банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж эдийн засгийн эргэлтэнд оруулах, цахимаар эзэмшил, өмчлөлийн нийт 42 төрлийн өргөдөл хүсэлт илгээх боломжууд бүрдэх юм.
ХУУЛИЙН ХҮРЭЭНД ХУУЛЬ ЁСНЫ ШААРДЛАГА, ХҮСЭЛТИЙГ ИРГЭНД ТАВЬДАГ
-Газрын харилцаатай холбоотой асуудлаар иргэд хамгийн их гомдол санал гаргадаг шүү дээ. Үйлчилгээ үзүүлэхэд гарч буй бэрхшээл юу байна вэ?
-Аймгийн хэмжээнд газрын харилцаатай холбоотой үйлчилгээ, түүнийг шийдэх үйлчилгээний хурд хугацаатай холбоотой гомдол санал иргэдээс нэлээдгүй гарч байгаа. Аль аль талаасаа л хамааралтай асуудал. Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраа өмчилж авах өргөдлөө өгөөд тийм хугацаа өнгөрлөө одоо болтол шийдэгдэхгүй байна гэх мэт гомдол энэ жил их гарч байна.
-Юутай холбоотой вэ?
-Бид хуулийн хүрээнд хууль ёсны шаардлагыг иргэдэд тавьдаг. Хуулиас ангид нэг ч зүйлийг иргэдээс хүсч, иргэнд хүндрэл учруулаагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуульд Засгийн газар жил бүр улсын хэмжээнд иргэдэд үнэгүй өмчлүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтыг тогтооно гэсэн хуулийн заалттай.
Энэ заалтын дагуу 2020 оноос улсын хэмжээнд нэвтэрсэн газрын цахим бүртгэлийн систем Засгийн газрын тогтоол гарсны дараа өмчлөлийн бүртгэл хийдэг зохицуулалттай болчихсон.
Энэ жил газар өмчилж авахыг хүссэн иргэдийн өргөдөл, саналыг 2021 онд аваад бүх тоон мэдээг хоёр сумаар нь нэгтгэж, аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлж тогтоол баталдаг. Энэ тогтоолыг харьяа яамандаа хүргүүлна. Харин яамнаас 21 аймгаас ирсэн мэдээллийг нэгтгэж Засгийн газарт танилцуулж, тогтоолоор батлуулдаг.
Уг тогтоол гарсны дараа цахим системд тухайн орон нутгийн газрын асуудал хариуцсан байгууллага иргэдийн өмчлөх эрхийг бүртгэх боломжтой болдог
Цаг хугацаа, үйл явцын хувьд ийм шат дараатай юм.
2022 онд гэр бүлийн зориулалттай хэрэгцээний газар өмчилж авах өргөдөл өгсөн иргэдийн хүсэлтийг 2023 онд өмчлүүлэх газрынхаа төлөвлөгөөнд тусган аймгийн ИТХ-аар батлуулаад, иргэдэд газар өмчлүүлэх Засгийн газрын тогтоол гарсны дараа эрхийг нь баталгаажуулах ажил хийгдэнэ. Газар өөрөө хэмжээ хязгаартай, нөөц дуусчихсан. Шийдвэрлэгдээгүй иргэдийн хүсэлт их. Бид газар хүсч өргөдөл өгсөн иргэнд энэ жил газар олгох боломжгүй гэдэг хариуг Өргөдөл гомдол шийдвэрлэх хуулийнхаа дагуу өгдөг. Гэхдээ тухайн иргэний эрхийг хангах үүргээ биелүүлж чадалгүй үлдэж байгаа.
2003 оноос хойш газар өмчлөлтэй холбоотой өгсөн иргэдийн хүсэлт 26 мянга давсан. Үүний 8500 орчим иргэний өргөдөл хүсэлтийг шийдвэрлэсэн байна. Иргэний эрхийг хангах нь төрийн үүрэг учраас шийдвэрлэгдээгүй өргөдлийнхөө тоог бид байнга ярьж байх ёстой. Энэ тоог аль болох бууруулахын төлөө орон нутаг өөрийн дотоод боломжийг ашиглаж асуудлыг шийдэхээр зорьж төлөвлөж байна. Энэ хүрээнд аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулж ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.
ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ,ЧАНАРЫН ХЯНАН БАТАЛГААНЫ ДҮГНЭЛТИЙГ ИРГЭДИЙНХЭЭ ӨМНӨӨС 2015 ОН ХҮРТЭЛ АЙМАГ ОРОН НУТГИЙН ТӨСВӨӨР ХИЙЖ ИРСЭН
-Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт гэж юуг хэлж байна вэ. Таван жил тутамд дүгнэлт хийлгэх ёстой гэдэг?
-Иргэн, аж ахуйн нэгжид төр шинээр газар өгөхдөө ямар шинж чанартай газар өгсөн бэ гэдгийг тогтоодог шинжилгээний баримт бичиг юм. Эхний удаад төр иргэнд ямар газар өгсөн бэ гэдгийг өөрөө тогтоож өгдөг. Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт гарснаас хойш таван жил тутамд тухайн газрыг эзэмшигч иргэн өөрийн зардлаар захиалгат хянан баталгааны дүгнэлтээ хийлгэх ёстой. Энэ нь хуулиар заасан үйл ажиллагаа юм.
Манай аймгийн хувьд газар нутаг багатай. Тэр дундаа суурьшлын бүсийн газар нь бүр бага. 2015 он хүртэл иргэн, аж ахуйн нэгж байгууллагын Газрын төлөв байдал, хянан баталгааны дүгнэлтийг Орхон аймаг орон нутгийн төсвөөр хийж ирсэн. Өөрөөр хэлбэл, иргэний хийх ёстой ажлыг аймаг 2015 он хүртэл хийж ирсэн гэсэн үг л дээ. 2015 онд орон нутгаас хийсэн хянан баталгааны дүгнэлтийн хугацаа аймгийн хэмжээнд 2020 онд дууссан. Үүнээс хойш тухайн газрын эзэн өөрийн үүргийн хүрээнд мэргэжлийн байгууллагаар хянан баталгааны дүгнэлтээ хийлгэх ёстой юм.
Одоо цахим бүртгэлтэй холбоотойгоор газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх, хугацаа сунгах хүсэлт гаргуулах үед хянан баталгааны дүгнэлтийг зайлшгүй шаардаж байгаа. Үүнийг иргэдээс хүсэхээр цоо шинэ юм яриад, нэхээд байгаа юм шиг ойлгоод байгаа юм.
Угтаа бол аль 2003 онд Газрын тухай хууль батлагдахад л гарсан эрх зүйн зохицуулалт. Манай аймаг иргэдийнхээ хийх ёстой зүйлийг орон нутгийн төсвөөр шийдвэрлэж ирсэн хэрэг.
Тиймээс аймгийн хэмжээнд газар эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хянан баталгааны дүгнэлтээ зайлшгүй хийлгэх ёстой.
-Үүнтэй холбоотой үнэлгээний асуудал яригддаг. Энэ талаар?
– Тухайн иргэний эзэмшиж байгаа газрын хэмжээ, газар дээр явуулж байгаа үйл ажиллагааны төрлөөс хамаараад үнэ нь их багаар тооцогдоно. Үүнийг тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагууд хийнэ. Орхон аймагт суурин ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудын танилцуулга, мэдээллийг нээлттэйгээр бид иргэдэд өгдөг. Алийг сонгох вэ гэдэг нь иргэний эрх. Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн байгууллагуудаас сонгохгүй ч байсан болно. Гол нь хугацаа алдахгүй байх, түргэн шуурхай байх гэдэг үүднээс орон нутагтаа үйл ажиллагаа явуулдаг компаниудын мэдээллийг өгдөг.
www.erdenet.mn Мэдээллийн төв