GNSS-ийн байнгын ажиллагаатай станц
GNSS-ийн Байнгын ажиллагаатай станц /БАС/-ыг бодит агшны зураглал /RTK/-д ашиглаж буй аж ахуйн нэгж, иргэдийн анхааралд:
Энэ оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тус газрын БАС-ын сүлжээний зохион байгуулалт, удирдлагын программд нэвтрэхтэй холбоотой дараах өөрчлөлт орсон болно. Үүнд:
- IP хаяг: rtk.gazar.gov.mn эсвэл 66.181.168.80
- Хэрэглэгч: rover
- Нууц үг: 262461
- Mountpoint: MGL_network
Цаашид “MGL_network” сүлжээний БАС нь 35км хүртэлх /2см+1ppm/ зайнд байгаа хэрэглэгчид бодит агшны засвар дамжуулах ба GNSS-ийн хүлээн авагч нь RTCM 3.x төрлийн форматыг дэмждэг байх шаардлагатай. MGL_network сүлжээний БАС-н байрлалыг энд дарж үзнэ үү.
БАС-ын тухай
УГЗЗГ /хуучнаар/ 2000 онд анхны байнгын ажиллагаатай станцыг /Javad фирмийн GPS-ийн хүлээн авагч, антенн/ Швед улсын SIDA төслийн хүрээнд Улаанбаатар хотод байгуулсан.
2005 онд Швейцари улсын Leica фирмийн тусламжаар 3 станцыг Улаанбаатар хотод /Амгалан өртөө, Иргэний нисэх ерөнхий газар, ГХГЗЗГ/ нэмж суурилуулсан байна. Дээрх станцуудыг Улаанбаатар хот орчимд бодит агшны хэмжилтийн засварыг дамжуулах зорилгоор ашиглаж байсан. 2010 онд Мянганы сорилтын сангийн “Хөрөнгийн эрхийн бүртгэл” төслийн шугамаар 6 станцыг Дархан /1/, Эрдэнэт /1/, Улаанбаатар /4/ хотуудад газрын кадастрын зураглалын ажилд ашиглуулахаар суурилуулсан.
2011 оноос улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсвөөр Увс, Архангай аймгуудад 2 станц, Булган аймагт 1 станцыг шилжүүлэн суурилуулсан.
ГХБГЗЗГ-аас 2011 оноос GNSS-ийн байнгын ажиллагаатай станцуудыг интернетийн нэгдсэн сүлжээнд холбож, Trimble Dynamic Control удирдлагын нэгдсэн програм хангамжийг суурилуулж, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Улаангом, Цэцэрлэг хотуудад интернетийн сүлжээ ашиглан станцуудын RTK засварыг дамжуулж, хэрэглэгчдэд үүрэн холбооны сүлжээгээр мэдээлэл дамжуулах GPRS технологийг ашиглан RTK хэмжилт хийх боломж бүрдүүлсэн. Мөн онлайн байдлаар хэрэглэгчдэд станцуудын 24 цагийн статик өгөгдлийг түгээж эхэлсэн.
2012 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Завхан, Дорноговь, Сүхбаатар, Өмнөговь аймгуудад GNSS-ийн байнгын ажиллагаатай 8 станцыг суурилуулсан.
2013-2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 23 станц шинээр байгуулж, зарим станцын байрлалыг шилжүүлэн суурилуулсан байна.
2017 онд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод шинээр 5 станцыг шинээр суурилуулсан.
Зураг10. GNSS-ийн байнгын ажиллагаатай станцын сүлжээний бүдүүвч
2020 оны байдлаар ГЗБГЗЗГ, Шинжлэх Ухааны академи, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүдийн нийт 60 гаруй байнгын ажиллагаатай станц суурилагдсан байна. Станцуудыг олон улсын байнгын ажиллагаатай станцтай холбож солбицолжуулсан ба бодит агшны хэмжилтийн засварыг дамжуулах зорилгоор ашиглаж байна.
ГЗБГЗЗГ-ын харъяа GNSS-ийн байнгын ажиллагаатай станцуудаас Улаанбаатар /UB01/, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Хөвсгөл станцууд Ази, Номхон далайн бүсийн GNSS-ийн сүлжээний хэмжилтэнд оролцож байна.