ТУХАЙН ЖИЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Газар зохион байгуулалт гэж юу вэ?
Төрөөс газрын талаар баримталж буй бодлого чиглэлтэй уялдуулж улсын хэмжээнд болон засаг захиргаа нутаг дэвсгэрийн хил хязгаарын доторхи байгаль, газар зүйн нөхцөл, газрын нөөц түүний экологи-эдийн засаг, орон зайн багтаамж чадавхийг үнэлсэний үндсэн дээр тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд газрыг оновчтой үр ашигтай ашиглах, хамгаалах арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөн хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг юм.
Газар зохион байгуулалтын төлөвлөгөө гэж юу вэ?
Тухайн газар нутагт хичнээн хэмжээниий газрыг хаана, ямар зориулалтаар эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулах нөөц боломжийг тодорхойлсны үндсэн дээр зүй зохистой, оновчтой, бүрэн дүүрэн ашиглалтыг буй болгох болон газар, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг тооцсон, дүгнэсэн, зураг төслийн аргаар тодорхойлсон баримт бичиг юм.
Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс иргэн та тухайн жилд газрын талаар хэрэгжүүлэх ажлууд, олгох газрын мэдээллийг дэлгэрэнгүй харах боломжтой.
Иргэн та Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал өгөхдөө
Санал авахаар зарласан хугацаанд багтан:
– Өөрийн биеэр ирэх /Иргэн – Өргөдөл, ААНБ – Албан тоот/
– Цахим хуудас :www.egazar.gov.mn цахим хуудсны “Санал өгөх” холбоосоор
– Утас : 70357917
Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний үндсэн баримт бичгүүд
1. Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө
2. Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө
3. Нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө
• Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд байгаль, газар зүйн нөхцөл, газрын нөөц, түүний экологи, эдийн засаг, орон зайн багтаамж, чадавхид зохицсон газрын менежментийн бодлогоор улс орны нийгэм, эдийн засгийн хөгжүүлэх 16-20 жилийн хэтийн чиглэлийн баримжаатай зураг төслийн баримт бичиг байна.
• Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь “Газрын тухай” хуулийн 25.2-т буюу Улсын газар зохион байгуулатын ерөнхий төлөвлөгөөнд заасан хүрээнд боловсрогдсон 12-16 жилийн хугацаанд хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна.
• Нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна.
Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулахад дараах зарчмыг баримтлана.
1. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газар өмчлөл, эзэмшил, ашиглалтын төрөл ба ашиглалтын зориулалтыг үл харгалзан сумын хил доторхи нийт нутаг дэсгэр хамрагдах;
2. Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөгөөр тодорхойлогдсон газрын менежментийн бүсүүдийн хүрээнд сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг боловсруулах бөгөөд тухайн орон нутагт тодорхой бүсүүдийг ялган гаргаж, нарийвчилсан төлөвлөгөөг зохиох;
3. Тухайн жилийн төлөвлөгөөгөөр авч явуулж байгаа арга хэмжээ нь газрын үржил шим, чадавхийг байнга дээшлүүлэн, газрыг хамгаалан, унаган төрхөөр нь хадгалахад чиглэсэн, тухайн нутаг дэвсгэрт газрын харилцааг зохицуулахад төлөвлөлтийн аргаар дэмжлэг үзүүлэх;
4. Тухайн жилийн төлөвлөгөөний суурин болон хээрийн судалгаа, төлөвлөлт-боловсруулалтын бүх ажлыг улсын координат бүхий байр зүйн зураг, газар зүйн мэдээллийн системийг ашиглан, хэмжилт байршлыг тодорхойлогч орчин үеийн багаж, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар боловсруулах бөгөөд үндэсний газрын мэдээллийн сангийн өгөгдлүүдэд нийцүүлсэн байх;
5. Тухайн жилийн төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах газрыг хамгаалах, нөхөн сэргээхэд болон бусад зураг төсөл, төлөвлөлт, зохион байгуулалтын ажилд тулгуур материал болж ашиглах;
6. Тухайн жилийн төлөвлөгөөг боловсруулахдаа аймгийн нийгэм-эдийн засгийн салбаруудыг хөгжүүлэх хөтөлбөр, чиглэлүүдтэй уялдуулах;
7. Газар өмчлөх, эзэмших, ашиглах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын саналыг саналын хуудсаар авч тухайн жилийн төлөвлөгөөнд тусгах;
Тухайн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх хугацаа
“Газрын тухай” хуулийн 25.4-т буюу Нийслэл, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх, байршлыг тодорхойлсон жилдээ хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг байна гэж зааснаар тухайн жилийн төлөвлөгөөг жилдээ хэрэгжүүлэх бөгөөд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг улирлын хуваарьтайгаар саруудаар /1-3 сар, 4-6 сар, 7-9 сар, 10-12 сар/
Тухайн жилийн төлөвлөгөөгөөр дараах асуудлыг шийдвэрлэнэ.
1. Тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн жилд өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох;
2. Тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх;
3. Газар ашиглагч, эзэмшигч, өмчлөгчдийн эдлэн газрын оновчтой, зөв зохистой хэмжээ, бүтцийг нь тогтоож эрх зүйн баталгааг хангах;
4. Тухайн жилийн төлөвлөгөөнд бэлчээр зохион байгуулалтын асуудлыг тухайн нутгийн онцлог, бэлчээрийг ашиглаж ирсэн уламжлалтай уялдуулан өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа, отрын нөөц нутаг гэсэн хуваарийн дагуу зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг тусган, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах;
5. Газрыг элдэв элэгдэл, эвдрэл, бохирдолтоос хамгаалах, сэргээн сайжруулах, байгалийн унаган төрхийг хадгалан хамгаалах арга хэмжээг боловсруулах;
6. Газрын хэвлийг ашиглах, хамгаалахтай холбогдсон үйл ажиллагааг аймаг, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэх;
7. Газар ашиглалтыг сайжируулах, эрчимжүүлэх, газар хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалт, түүний эдийн засгийн үр ашгийг тодорхойлох;
8. Дээрхи нийтлэг асуудлаас гадна тухайн нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан шийдвэрлэвэл зохих бусад асуудлыг тусгаж болно.
Тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах дараалал, түүнийг баталгаажуулах
“Газрын тухай” хуулийн 23.4.1-т буюу сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулах гэх заалтын дагуу сумын тухайн жилийн төлөвлөгөөний төслийг сумын газрын даамал боловсруулна.
Сумын хувьд Газрын даамал нь багийн Засаг даргатай хамтран баг бүрээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, малчид, малчдын бүлгийн гишүүдийн санал оролцоотойгоор тухайн жилийн төлөвлөгөөг боловсруулах ажлыг урьд оны 5-8 сард багтаан зохион байгуулж, Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах;
Үүнд:
1. Сумын тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах удирдамжийг боловсруулах сумын Засаг даргаар батлуулах;
2. Сумын тухайн жилийн төлөвлөгөө боловсруулах удирдамжийг багийн иргэд, малчид, малчдын бүлгүүдэд хүргүүлэх, ойлгуулах;
3. Тухайн багийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, малчдын бүлгүүдээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулсан санал гаргуулах;
4. Тухайн багийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, малчдын бүлэг, малчдын саналыг багийн түвшинд нэгтгэх, багийн зүгээс нэмж оруулах саналыг тусгах, багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж санал авах;
5. Сумын газрын даамал нь багийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын саналыг авч нэгтгэн сумын тухайн жилийн нэгдсэн төлөвлөгөөний төслийг урьд оны 5 сарын 1-ний өдрөөс эхлэн 8 сарын 1-ний хооронд холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулах;
6. Сумын газрын даамал нь сумын тухайн жилийн нэгдсэн төлөвлөгөөний төслийг сумын Засаг даргад өргөн мэдүүлэх;
7. Сумын Засаг даргын өргөн мэдүүлсэн аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулсан сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал урьд ондоо багтаан хэлэлцэн батлах;
7.1 Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн сумын тухайн жилийн төлөвлөгөөг боловсруулах талаар заавар, арга, зүй, санал зөвлөгөөгөөр хангаж ажиллах;
7.2 Аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн баталсан төлөвлөгөөг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах;
7.3 Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь сумын тухайн жилийн төлөвлөгөөг аймгийн хэмжээнд нэгтгэж батлуулах ажлыг зохион байгуулан дараа оны 1 дүгээр сард багтаан Газар зохион байгуудалт,геодези, зураг зүйн газарт ирүүлнэ.