Орхон аймгийн хэмжээнд цэцэрлэгийн насны 11300 гаруй хүүхэд байдаг бөгөөд цэцэрлэгийн тоо, хүртээмж нэмэгдсэнээр өнөөдрийн байдлаар 9300 орчим буюу нийт хүүхдийн 93 хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой болжээ. Согоот багийн 4-р цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор 18 байнгын ажлын байр шинээр бий болж, 150 хүүхэд гэрийнхээ ойр цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байгаа юм. Түүнчлэн хамран суралцах хүүхдийн тоо нэмэгдэхээс гадна 450 гаруй хүүхэд стандартын шаардлага хангасан тохилог дулаахан орчинд нэг ангид 20-25 хүүхэд суралцах боломж бүрдлээ. Барилгын ажил 2019 онд эхэлсэн бөгөөд улсын төсвийн 1,2 тэрбум төгрөг зарцуулагджээ. Эрдэнэ багийн 11-р цэцэрлэгийн 150 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор 140 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байсан цэцэрлэг 280 хүүхэд хүлээн авах боломжтой боллоо. Мөн 16 иргэн байнгын ажлын байраар хангагдлаа. Өргөтгөлийн ажилд 2019 оны улсын төсвөөс 1,6 тэрбум төгрөг зарцуулагдсан.

