Аймгийн ИТХ-ын ээлжит II хуралдаанаар Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын ангиллыг өөрчлөх, дүрэм, орон тоо, цалингийн нийтлэг жишгийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ.
Тодруулбал, тус газрын нэршлийг улсын төсөвт үйлдвэрийн газар болгон өөрчлөв.
Хот байгуулалтын тухай хуулийн 9.1.3-т аймгийн Засаг дарга нь ерөнхий архитектороор удирдуулсан Хот байгуулалт, барилга захиалагчийн албыг байгуулах эрхтэй гэж заасан байдаг. 2013 онд уг хуулийн хүрээнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Хот байгуулалт, барилга захиалагчийн албыг байгуулж, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй барилга байгууламж болон бусад ажилд захиалагчийн хяналт тавьж ирсэн.
Ерөнхий архитектороор удирдуулсан Хот байгуулалт, барилга захиалагчийн албаны үндсэн чиг үүрэг нь хот байгуулалтын асуудлыг батлагдсан төлөвлөлтийн хүрээнд удирдан зохион байгуулах. Гэсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд ерөнхий архитекторын дүрэмд заасан үндсэн хэрэгжүүлэх үйл ажиллагаанаас ангид буюу захиалагчийн хяналтын ажлыг гүйцэтгэж ирсэн нь хот төлөвлөлт алдагдах, төлөвлөлтгүй барилга баригдах нөхцөл үүссэн гэж үзжээ.
Мөн Хотын захирагчийн алба, ГХБХБГ, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба зэрэг байгууллагууд захиалагчийн хяналт хэрэгжүүлж байгаа нь давхардал, хийдэл үүсэх цаашлаад ажлын хариуцлага хяналтын тогтолцоо алдагдах, захиалагчийн хяналт хангалтгүй болох гэхчлэн сөрөг талууд гарч байна гэв.
Тиймээс тус байгууллагын одоогийн 11 бүлэг 92 зүйлтэй дүрмийн 36-д нь өөрчлөлт оруулж шинэчилжээ.
Хот байгуулалт, барилга захиалагчийн алба нь Захиргаа, санхүүгийн хэсэг, Захиалагчийн техник хяналтын хэсэг, Хот дахин хөгжүүлэх, орон сууцны хэсэг, Зураг, төсөв гэсэн дөрвөн хэсэгтэй үйл ажиллагаа явуулж байсан бол Захиалагчийн техник хяналтын хэсгийг Хотын захирагчийн алба руу шилжүүллээ.
Ингэснээр цаашид улсын төсвийн хөрөнгө оруулалттай ажилд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар захиалагчийн хяналт тавина. Орон нутгийн төсөв болон зээл тусламж бусад санхүүгийн эх үүсвэрээр хийгдэх ажилд Хотын захирагчийн албанд шилжиж ирсэн Захиалагчийн техникийн хяналтын хэлтэс хяналт тавих нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Харин Хот байгуулалт, барилга захиалагчийн алба захиалагчийн ямар нэгэн хяналт хэрэгжүүлэхгүй, зөвхөн зургийн хяналт тавих юм. Өөрөөр хэлбэл, зургийг нэг байгууллага зурж, чиглэл тус бүрээрээ хяналт салж, сайжирна.
Ингэснээр орон нутагт хэрэгжиж буй төсөл арга хэмжээний гүйцэтгэлийн түвшин дээшилж, чиг үүргийн давхардал арилж, хяналтын тогтолцоо сайжирна гэж үзсэн байна.
Ерөнхий архитекторыг аймгийн Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилох бөгөөд нээлттэй сонгон шалгаруулалтаар архитектор, хот төлөвлөлтийн архитектор мэргэжилтэй, тухайн мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажилласан мэргэшсэн эсвэл зэрэгтэй байх шаардлагыг тавих юм.
АЗДТГ -н Мэдээллийн төв