Манай аймагт 10-р сарын 1-ээс эхлэн зохион байгуулагдаж буй гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр бэлтгэл бэлэн байдал, жагсаалын жигдрэлтийг шалгах үйл ажиллагаагаар эхэллээ.
Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн сургуулийн бэлтгэл хийж бэлэн байдлаа ханган ажилласан аймгийн Онцгой комисс, мэргэжлийн баг, ангиуд өнөөдөр сургуулийн удирдагч болон ажлын хэсэгт бэлэн байдлаа шалгуулахаар 07:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор цуглалаа. Ингэснээр гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдрөөс эхэлж байна.
Бэлтгэл бэлэн байдлыг шалгах жагсаалын үйл ажиллагаанд Сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, аймгийн Засаг дарга С.Батжаргал нар оролцлоо.
“Яаралтай цуглар” дуут дохиогоор Онцгой комисс, мэргэжлийн баг, ангиудаас бүрдсэн нийт 42 байгууллагын 600 гаруй ажилтан албан хаагч А.Амарын талбайд бэлэн жагслаа. Эдгээр албан хаагчид нь гамшиг ослын үед яаралтай авах арга хэмжээнд бэлтгэгдэж, авран туслах үйл ажиллагаанд оролцох, анхын тусламж үзүүлэх мэдлэг, мэдэгдэхүүнтэй болж буй юм.

