Орхон аймаг төр хувийн хэвшлийн оролцоотойгоор, барилгын салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран орон сууцны хорооллыг нэмэгдүүлэх бодлого төлөвлөн ажиллаж байгаа. Түүнчлэн ирэх жилүүдэд хот суурин газрыг дахин хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд томоохон ажлууд хийгдэхээр төлөвлөгджээ.
Тодруулбал: Гэр хорооллыг орон сууцжуулах зорилгоор “Орлогод нийцсэн орон сууц” төслийг эхлүүлж барилга барих газрын байршлуудыг тодорхой болгож чадсан. Үүний үр дүнд Уртын гол багт 18000 метр квадрат талбайд 260 айлын орон сууц орон нутгийн хөрөнгө оруулалтаар баригдаж эхэлсэн. Нийт 5 блок байрны эхний 3 блокийг энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Цаашлаад Их залуу баг, Оюут баг Дөмөг захын урд, Цагаанчулуут баг, Эрдэнэ баг, Говил баг зэрэг гэр хорооллыг орон сууцжуулах судалгаа хийгдэж, зураг төсөв гаргах ажлууд хийгдэж байгаа ажээ.
Түүнчлэн Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулах Тамир зочид буудлын урд гражууд болон 5-р микрийн гражын газруудыг дахин төлөвлөлтөд оруулж үйлчилгээний зориулалттай барилга болон орон сууц барихаар төлөвлөж газар чөлөөлөлтийн ажил хийгдэж эхлэхээр болоод байна.
Мэдээллийн төв