Аймгийн ИТХ-ын 2021 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолоор Хот суурин газрыг дахин хөгжүүлэх хуулийн хүрээнд “Дахин барилгажуулах, дэд бүтэцжүүлэх төсөл”-ийг гурван байршилд баталсан.
Тогтоолын хүрээнд хэрэгжиж буй Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулах төслийн эхний байршил болох Уурхайчин багийн Тамир зочид буудлын урд байрлах 1,3 га талбайд төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүд шалгарч, тухайн хэсэгт газар эзэмших гэрчилгээтэй иргэдээс санал авах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Тодруулбал, өнөөдөр тус хэсэгт гарааж эзэмшигч 63 иргэнээс “Дахин төлөвлөн барилгажуулах төсөл”-ийн санал хураалт авах үл ажиллагааг өглөө 09:00 цагт Уурхайчин багийн Иргэний танхимд эхлүүлэв. Санал хураалт оройн 20:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд үүний дараа дүнг танилцуулах юм.

Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-ний өдрийн Засаг даргын захирамжаар төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулагдаж, нээлттэй сонгон шалгаруулалт зарласан.
Ингэхэд уг байршилд “Таван хан энержи” ХХК, “ABES гранд” ХХК, “Энержи конвертер” ХХК-иуд түншиж 16 давхар орон сууц, үйлчилгээний зориулаттай “Эрдэнэт Палас” төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна.
Барилга хот байгуулалтын сайдын 2020 оны 74 дүгээр журмын 4.6 дахь заалт “үнэлгээний хорооноос шалгаруулсан хуулийн этгээд нь төслийн саналыг төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдэд танилцуулах ажлыг 14 хоногийн хугацаанд зохион байгуулна” гэж заасныг үндэслэн иргэдтэй уулзах ажлыг энэ сарынн 6-наас 20-ны өдөр зохион байгууллаа.

Мэдээллийн төв