Төрийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо, мэдээлэл солилцоог сайжруулан хуулийн хэрэгжилт, үйл ажиллагааны нээлттэй байдлыг хангах, авлигын индексийг бууруулах зорилгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон Авлигатай тэмцэх газар “дундын мэдээллийн сан”-г байгуулан, хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Монгол Улсын хэмжээнд нэг сая гаруй газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн, хуулийн этгээдийн газрын бүртгэл, зураглалтай холбоотой мэдээлэл газрын нэгдсэн цахим систем /www.egazar.gov.mn/-д бүртгэгдсэн байдаг. Энэхүү гэрээг байгуулснаар Авлигатай тэмцэх газар нь газрын лавлагаа, газрын түүхчилсэн мэдээлэл, газрын үнэлгээ, төлбөр, татварын мэдээлэл, цахим хувийн хэрэг болон мөрдөн шалгах ажиллагаанд шаардагдах бусад нотлох баримтуудыг цахим хэлбэрээр авах боломж бүрдэж байна.
Авлигатай тэмцэх газар нь дээрх мэдээллүүдийг авахын тулд 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудад албан бичгээр хандан 7-20 хоногийг зарцуулдаг байжээ. Хамтран ажиллах гэрээний хүрээнд тус системд нэгдсэнээр дээрх мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай авах боломж бүрджээ.
www.gogo.mn