Өнөөдөр Орхон аймагт Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ажиллаж байна. Түүнтэй хамт БХБЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, БХБЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү, БХБЯ-ны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат, БХБЯ-ны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан, Барилгын хөгжлийн дарга Ц.Амарсанаа болон бусад албаны хүмүүс ажиллаж байна.
Эрдэнэт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл арга хэмжээний талаар Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Д.Цолмон танилцуулга хийлээ.
Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Эрдэнэт хотыг Хангайн бүсийн тулгуур төв хот болгосон байдаг. Үүний дагуу Монгол улсын Засгийн газрын 2005 оны 201 дүгээр тогтоолоор “Хангайн бүсийн тулгуур төв Эрдэнэт хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г баталсан байна.
Энэхүү төлөвлөгөөний хэрэгжих хугацаа дууссан тул шинээр боловсруулж батлуулах шаардлагатай байсан бөгөөд ерөнхий төлөвлөгөөг хийх 720 сая төгрөгийг шийдвэрлэлээ.
Мөн аймгийн хэмжээнд айл өрхийг орон сууцжуулах, залуу гэр бүлээ дэмжих, гэр хорооллыг орон сууцжуулах зорилгоор шинээр “Залуус хороолол” төслийг хэрэгжүүлж нийт 962 айлын орон сууц бүхий, сургууль, цэцэрлэг, нийгмийн бусад барилгууд баригдахаар төлөвлөж байна.
Энэхүү шинээр баригдах орон сууцыг бага талбайтай, зах зээлийн үнээс 20-30 хувиар бага байлгахаар зорьж байгаагаа танилцууллаа. Энэхүү орон сууцжуулах ажлын эхлэл болгож гэр хороолол бүхий “Уртын гол” багт 260 айлын таван блок орон сууц барих 3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН санхүүжилтийг шийдвэрлэсэн.
Цаашид гэр хорооллын Говил, Их залуу, Эрдэнэ зэрэг алслагдсан багуудыг орон сууцжуулахаар төлөвлөсөн.
Мөн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын үйл ажиллагаа болон 1А, 2А, хорооллын ИШС-ний явц, бүтээн байгуулалттай танилцлаа.


