Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас газрын кадастрын нэгдсэн систем буюу www.egazar.gov.mn цахим системийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Иргэн, хуулийн этгээд уг цахим системийг ашиглан газартай холбоотой бүх төрлийн мэдээллийг авахаас гадна газар эзэмших, өмчлөх, ашиглах эрхтэй холбоотой 17 төрлийн өргөдлийг илгээх боломжтой юм. Ингэснээр газар эзэмшигч иргэн, төрийн албан хаагч хоёрын дундах үл ойлголцол, дүүргүүдийн газрын албанд бий болдог оочер дараалал арилж, иргэн гар утсаараа газартай холбоотой бүх төрийн үйлчилгээг авах нөхцөл бүрсэн.
-Газар эзэмших, өмчлөх, ашиглах эрхтэй холбоотой 17 төрлийн өргөдлийг цахимаар илгээр боломжтой болсон-
Улсын хэмжээнд газрын кадастрын нэгдсэн цахим систем нэвтэрсэн. Энэ цахим систем нь иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, өмчилж, ашиглаж байгаа газрын бүртгэлийн нэгдсэн сан дээр тулгуурлаж хийсэн цогц нэгдсэн систем юм. Энэ системийг иргэн, хуулийн этгээд ашиглаад газартай холбоотой бүх мэдээллийг авах боломжтой болсон. “Энэ хэний газар вэ” гэдгээс бусад бүх мэдээллийг нээлттэй тавигдсан болно. Хувь хүний нууцын тухай хуулиараа аливаа нэг газрын эзэмшигчийнх нь нэр нууц байх ёстой. Тэгэхээр иргэн egazar.gov.mn цахим систем рүү ДАН системээр дамжин нэвтрээд өөрийнхөө газартай холбоотой мэдээллүүд, төлбөрийнхөө нэхэмжлэл, ногдуулалт, газрын хэмжээ, зориулалт, захирамж, гэрээний хугацаа дууссан, дуусаагүй, барьцаанд бүртгэлтэй эсэх зэрэг бүх мэдээллийг авах, тэрийгээ тодорхойлолтоор хэвлээд авах, лавлагаанд ашиглах боломжтой.

Ингэснээр төрийн албан хаагч болон иргэдийн хооронд үүсдэг зөрчлүүд эрс багасаж байна. Мөн сумын даамал, газар зохион байгуулагч нар өргөдлийг хүлээж авах, шийдвэрлэх бүх үйл ажиллагаа нээлттэй болж байна.
-Иргэн газартай холбоотой үйлчилгээ авахын тулд дүүргийнхээ газрын албанд 10 удаа биеэр очдог байсан бол цахим системийг ашиглаад сурчихвал нэг л удаа очно-
Тухайлбал:
Баянзүрх дүүрэг 470 гаруй мянган хүн амтай. Энэ иргэдээс дүүргийн газар зохион байгуулалтын албаар байнга үйлчлүүлдэг 100 гаруй мянган иргэн байдаг. Жилд 10 мянга иргэн, өдөрт 300 орчим хүн үйлчлүүлдэг ч 200 нь зөвхөн лавлагаа авахаар очдог байна. Egazar.gov.mn цахим системээс газартай холбоотой 17 лавлагааг авч болох юм.
