Монгол Улсад 1936 оноос хойш байгуулсан геодезийн 7 төрлийн сүлжээний 12500 цэг, тэмдэгтийн мэдээллийг агуулсан геодезийн байнгын цэг, тэмдэгтийн цахим санг байгуулж, цахимаар түгээх тогтолцоог бүрдүүллээ.
Цахим системд геодезийн байнгын цэг, тэмдэгт нь геодезийн сүлжээний төрлөөр байршлын хувьд метрийн нарийвчлалтай харагдах бөгөөд хэрэглэгч өөрт хэрэгтэй цэг, тэмдэгтийг ойролцоо солбицол, аймаг, нийслэл, сум, дүүрэг, 1:100 000-ны масштабтай газрын зургийн нэрэлбэрээр хайлт хийх боломжтой.
Цахим санд байгаа цэг, тэмдэгтийн цэгийн дугаар, цэгийн нэр, цэгийн төвийн дугаар, цэгийн дахин давтагдашгүй дугаар /PID/, сүлжээний анги, зэрэг, цэгийн төвийн хэлбэр, шугамын дугаар /зөвхөн өндрийн сүлжээний цэгт/ зэрэг мэдээллийг цахим системээс нээлттэй харах боломжтой.
Геодезийн байнгын цэг, тэмдэгтийн цахим систем (point.gazar.gov.mn/)-д “хэрэглэгч”-ээр бүртгүүлэн цэг, тэмдэгтийн баталгаат мэдээллийг, тухайн цэгийн хувийн хэргийн хамт худалдан авах боломжтой.
Бүртгэлтэй хэрэглэгч цэг, тэмдэгт худалдан авах хүсэлтээ илгээснээр систем хүсэлтийг баталгаажуулж, худалдаж авсан цэгийн мэдээлэл /цэгийн WGS84 солбицлын тогтолцоонд, ITRF 2008 эринд тодорхойлсон өргөрөг, уртрагийн утга (градус, минут, секундээр, таслалаас хойш 3-5 орны нарийвчлалтай), UTM тусгагт тодорхойлсон солбицлын утга (таслалаас хойш 3-5 орны нарийвчлалтай), эллипсоидын болон ортометрийн өндөр (таслалаас хойш 3 орны нарийвчлалтай)/, цэгийн хувийн хэрэг тухайн хэрэглэгчийн цахим шууданд автоматаар илгээнэ.
Худалдан авч байгаа сүлжээний төрлөөс хамааран хэрэглэгчид илгээгдэх цэгийн мэдээлэл өөр өөр байна.